Д.Бямбацогт: Би Салхи Дамбий шиг өгье гэвэл өгчихдөг, цайлган талдаа хүн

Олон түмний сэтгэлд “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз дэлгэцийн олон дүрээрээ хоногшин танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогттой уулзаж хөөрөлдлөө.

-Монгол түмний хайртай жүжигчний маань хүүхэд ахуй нас хаанахын дэнж дээр өнгөрөв?Миний аав, ээж хоёр Завхан аймгийн баруун хойт талын Сонгино сумын уугуул. Би Тосонцэнгэлд төрж, зургаа долоон нас хүртлээ тэнд байсан. Миний өссөн газар бол Гандан, Модны хоёр, Зурагт, Тасганы овоо орчим юм даа.

Аав маань дөрөвдүгээр ангийн боловсролтой, цэрэгт таван жил явсан, шинэ үсгийн багш, багийн даргын алба хашиж байсан намын гишүүн, морь сайхан унадаг “ганган” Дашням гэдэг хүн байлаа. Тосонцэнгэлийн модны үйлдвэрт суурь машины слесарь-механикчаар ажилладаг техник сэтгэлгээ сайтай хүн байсан.

Ээж эмийн санд насаараа ажилласан. Бид эцэг эхээс уг нь тавуулаа. Томоос ах, багаас бид хоёр л тогтсон. Яахав дээ миний заяа л байхгүй юу даа. Уг нь би дөрвөн сайхан ахтай байх учиртай байж л дээ.

Манайд урваж ирсэн миний хайртай эгч бид хоёр л одоо үлдэж дээ. Хүний амьдрал гэдэг ийм хойно. Та нэгэнтээ “Жүжигчин болоогүй бол төмөр замын инженер болох байсан” гэсэн байна лээ?

-Нийслэлийн арван жилийн улсын тэргүүний 28 дугаар сургуулийн Батнасан багштай арвын А ангийг 1984 онд төгсөөд Төмөр замын техникумын техник механикийн ангид элсэн орж нэг жил сурсан. Би тоо харахаар толгой өвдөөд байдаг хүүхэд байсан. Учрыг нь олохгүй болохоор толгой өвдөөд байсан байлгүй.

Яруу найрагч Цэндийн Чимэддорж гуай “Мал маллахаа марксизмаар заалгаагүй” гэсэн шиг л хувь тавилангаа дагасан. Техникумаас цэрэгт явсан. Халхын голын хилийн цэргийн ангид алба хааж байгаад Барилгын цэргийн 0119 дүгээр ангид шилжиж ирсэн. Цэргийн алба надад юм юм өгсөн.

Би чинь айлын дураараа өссөн танхидуу, юм юм руу үсчсэн сониуч хүүхэд байлаа. Ээж аав маань “Олон зээр рүү хөөсөн нохой хоосон хоцордог юм” гэж намайг аашилдаг ч нууцаар гимнастик, хөгжим, гар бөмбөгийн гурван ч дугуйланд явдаг байлаа.