Дуучин Чулуунчимэгийн хожимдсон гэмшил

Би маш олон сэдвийн дуу дуулсан ч нэг ч удаа аавын тухай дуулж байгаагүй юм билээ. Яруу найрагч Чагнаадорж ах аавдаа гээд шүлэг чатаар явуулсан. Тэрийг аавдаа үзүүлээд ааваа би танд ийм дуу хийж өгвөл ямар вэ гэхэд аав минь их баярлаж билээ. “Аав нь ажил дээрээ байгаагаар клипэнд нь тоглож болно биздээ” гээд хүүхэд шиг л хөөрч байлаа.

Хөгжмийн зохиолч Пүрэвсүрэн ах маань сайхан аялгуу зохиогоод дуу маань уг нь гарсан. Гэвч би аавдаа дууг нь сонсгож амжаагүй. Хүн чинь ээж аав гэдэг ч ээжийгээ илүү хайрлаад аавыгаа жоохон орхигдуулаад байдаг юм шиг. Аавыгаа хайрладаг ч ээжийн дайтай хайрладаггүй юм билээ. Би 30 нас хүртлээ гэнэтийн хагацал үзээгүй өдийг хүрч байсан. Тийм жаргалд ташуурч яваад гэнэт л аавыгаа алдсан. Аавыгаа тийм эрт яваад өгнө гэж төсөөлж ч байгаагүй. Дэргэдэх бурханаа үнэлдэггүй тэнэг байж. Энэ болгоныг хүмүүс яриад байдаг ч биеэр үзэж байж л мэддэг юм байна. Шинэ жилээр аав маань надруу залгаад манай компани дээр ирээд дуулаад өг гэхэд нь би ааваараа нэлээн гуйлгаж байж очсон. Би дуулаад гарахдаа аавыгаа тэргүүний ажилтан болсныг ч мэдээгүй тийм тэнэг. Аавтайгаа тухтай суугаад таван минут ч юм ярьж үзэлгүй явуулсандаа их харамсдаг.

Аав бид хоёр чатаар их харьцдаг байсан. Өнгөрснийх нь дараа бичсэн чатуудаа орж уншаад тэр үед ингэж байхгүй яав даа гэж харамсан ганцаар уйлж суудаг. Олигтой зураг ч авхуулж байгаагүй. Алтан гадсаар шагнуулахад нь л гэр бүлээрээ ганц сайхан зурагтай болж байсан. Завгүй завгүй гэж яваад хайртай хүмүүстээ цаг гаргадаггүй байж. Үүнийгээ сая л нэг ухаарлаа. Аавын маань ажлынхан намайг их дэмждэг. Миний анхны CD-ыг бүгдийг нь авч байсан. Миний аав их хөрөнгөтэй хүн ч биш ч гэсэн хүүхдүүдийнхээ төлөө хурааж хуримтлуулж чаддаг тийм л мундаг хүн байсан даа…
Хожим хармасахгүйн тулд “хайртай бүхэндээ зав гаргаж, байгаа дээр нь л сайн хайрлаж, ач буяныг нь бага ч болов хариулахыг хичээгээрэй залуусаа” гэжээ