МОНГОЛ АННА КАРЕНИНА-ГИЙН БОДИТ ТҮҮХ Б.Нармандах 1982 онд театрын уран бүтээлчидтэй тоглолтоор явж байхдаа ирээдүйн хань Ардын жүжигчин Л.Жамсранжавтай анх танилцжээ. Монголчуудын дунд, шавь нарынхаа сэтгэл зүрхэнд, хань, хүүхдүүд нь “Жаамаа” хэмээн авгайлан өдгөө ч дурссаар байгаа нэрт жүжигчин Л.Жамсранжав агсан бөхөөр бол тэр үеийн төдийгүй Монголын урлагийн алтан тайзнаа, түүхийн мөнгөн хуудаснаа цагийг эзэлсэн их аварга билээ.
Мань хүн тухайн үед Б.Нармандахыг өхөөрдөөд “Өө, чи нөгөө “Унаган хайр”-ыг дуулдаг хүүхэд юм уу. Ёстой хөөрхөн дуулсан байна лээ” хэмээн урам хайрлаад өнгөрч. Гэвч тэр хүний сэтгэл зүрхэнд ямархан хайрын гал ассаныг, өөрийг нь нууцхан хайрлах болсныг
Б.Наранмандах харин анзаарсангүй. Сургуулиа төлөөлж театрын уран бүтээлчидтэй тоглолтоор явах болсон нь урлагийн замд тэр хоёрыг дотносуулжээ. Сэтгэлээ нээж илэрхийлэхэд нь анхандаа эхнэр хүүхэдтэй, тэгээд ч хөгшин хүн хэмээн ойшоолгүй өнгөрүүлж. Гэтэл сураг төдийгөөр театрынхан Л.Жамсранжавыг гэр бүлийн асуудлаар хурлаар оруулж, сургуулиа төгсөөд УДЭТ-т хуваарилагдсан Б.Нармандахыг

Г.Доржсамбуу багш нь авах гэхэд ёс суртахууны доголдолтой, гэр бүл үймүүлсэн учир хэмээгээд “УДЭТ, Хүүхдийн театрт түүнийг битгий ав” гэж яамнаас үүрэгджээ. Тухайн үед Л.Лхасүрэн багш нь ч гэсэн түүнийг Хүүхдийн театрт авахыг хүсч хөөцөлдөөд дийлээгүй аж. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн, залуу омголон, өөртөө итгэлтэй охин нэг өдөр театрын даргын өрөөнд
“Царай алдахгүй юм шүү” гэсэн бодолтой ороход “Чи энд хуваарилагдсан байна. Чи энд ажиллаж чадах уу” гэж асуужээ. Хариуд нь “Үгүй ээ, би театрт ажиллахгүй, хөдөө явна” гэж өөрийнхөө амаар зориглон хэлчихээд гарахад том ачаанаас салсан мэт нэг л урамтай бас баяртай болоод явчихаж.
Хэдийгээр түүний өмнө УДЭТ-ын хаалга хаалттай байсан ч Г.Доржсамбуу багш нь дуулалт жүжигтээ тоглохыг урьсан нь урам өгч, тухайн үед өөртөө итгэх өөдрөг байх итгэлийг төрүүлсэн гэдэг. Гэвч тэрээр гурван сартай жирэмсэн байсан учир багшийнхаа санал болгосон дуулалт жүжигт тоглож чадаагүй. 1984 онд сургуулиа төгссөн ч театр хаалттай учир гэртээ сууж байхад нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа “Ийм авьяастай хүүхдийг та нар сөнөөчихлөө” гээд Улсын филармонид ажилд авах гэж их хөөцөлдсөн гэдэг. Тэгээд аав ээж хоёрт нь “Танай хүүхдийг ямар шоронд хийх гэж байгаа биш” гэж хэлжээ.
Үзэл суртлаар бүхнийг цензурдэж, нэг хүний амьдрал, алдаа оноог нийтээрээ шүүн “заазуурдаж” байсан “махны машин” шиг тэр нийгэмд байгууллага даргалж байгаа удирдагч хүнийхээ хувьд хэн байх нь их чухал байсныг зарим хүн хэлдэг. Энэрэнгүй, хүн чанартай, нийгмээсээ өөр үзэл бодолтой хүмүүс ч бас байж. Тухайлбал, Улсын филормонийн дарга Ц.Намсрайжав агсан тэр үед хов ярьж байгаа, хов зөөж байгаа хоёрыг яриулаад “Дахин ийм юм битгий яриарай” гээд гаргачихдаг арга барилтай байж. Тэр үед ээдрээтэй хайр дурлалаас нь үүдээд Б.Нармандахыг улсын хоёр том театр “Хэзээ ч авахгүй” гээд хаалгаа хаасан бол Улсын филармони үүдээ нээж усанд живж байсан түүнийг татаж авчээ. Ингэж тэрээр Улсын филармонид хөтлөгч, дуучнаар, гэхдээ дотроо тун дургүй орсон гэдэг.
“Нэг хаалга хаагдахад өөр хаалга нээлттэй байдаг” гэж үг бий. Тэрээр Улсын филармонид нэг жил Х.Төмөрбаатар, Б.Баяраа, том Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Д.Жаргалсайхан нарын эстрадын алтан үеийнхэнтэй хамт ажилласнаа азтайд тооцдог. 1987 онд МҮЭСТО-д юм үзэж яваад гавьяат жүжигчин Б.Тунгалагтай таартал “Мэргэжил нэгт омголон охин минь хоёулаа театр байгуулъя” гэхэд Б.Нармандахын нүүрнээс гэрэл цацрах шиг болсон гэдэг. Ингээд Армийн театр байгуулахад орж татан буугдтал нь таван жил ажиллажээ. Түүнд өөрийгөө нээж, сорьж дуулсан олон сайхан дуу бий. Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг, Ц.Чинзориг нарын бүтээлүүд, Хүүхдийн театрын “Хайрыг хайрла”, Драмын театрын “Унаган хайр”, “Гал хам”, “Яаралтай цахилгаан”, жүжиг, “Загийн алим” киноны дууг тэр үед дуулжээ. Энэ бүхний эцэст цаг хугацаа бүгдийг залруулж, драмын театртаа жүжигчнээр ажиллах боломж түүнд олдсоноор 1992 онд Армийн театр татан буугдахад УДЭТ-т шилжүүлжээ. Өнөөдөр Б.Нармандах УДЭТ-ын ахмад жүжигчдийн нэг, ухамсарт амьдралынхаа 35 жилийг урлагт зориулсан энэ салбарын халуун сэтгэлтэн, бас шантраагүй зүтгэлтэн.

ЖААМААТАЙГАА АМЬДАРСАН 17 ЖИЛ Тэрээр филармонид ажиллаж байхдаа буюу 1985 оны тавдугаар сард охиноо төрүүлжээ. Элдвээр хэлүүлсэн тэд суух тухай яриагүй ч хайрын билэгдэл болгож охинтой болсон нь энэ. Б.Нармандах жирэмсэн болоод таван сар хүртэл аав ээждээ хэлээгүй нуужээ. Гаднаас орж ирээд аавынхаа том цамцыг өмсчихнө. 3-4 сартайд нь бариу даашинз өмсөөд дуулахаар дээшээ огшино. Аавдаа мэдэгдэхгүйн тулд ёсолчихоод хажуу талаараа хөшигний цаагуур гүйж орно. Тоглолтын дараа аавтайгаа харих замд “Миний хүү гэдэс нь дүүрээд ходоод нь өвдөөд байгаа юм биш үү. Гэдэс чинь нэлээн том болчихож” гэхэд нь “Тийм ээ. Сүүлийн үед ходоод өвдөөд байгаа юм” гэж аргацаах. Гэртээ ирэхээр ээж “Чи ер нь хаагуур юу хийгээд явна” гээд шалгаах. Хүүхдээ төртөл аав ээждээ хэлэхгүй гэж бодсон ч ээж нь зөнгөөрөө мэдрээд шалгаагаад байх. “Жамсранжавын хүүхэд” гээд хэлчихвэл намайг алгадах байх хэмээн айхдаа “Ээж минь би Жамсранжаваасаа болих гээд нэг залуутай уулзаад ганцхан удаа ойртсон чинь ийм болчихлоо. Гадаадад Полийн дээдэд сурдаг оюутан байдаг” гэж худал хэлэхэд ээж нь “За яах вэ, миний хүү. Хүнд хүн илүүдэхгүй, гарга. Яадаг ч байсан ээж нь өсгөнө” гэснээр жирэмсэн гэдгээ нуухаа больсон гэдэг.
Ингэж нэг давааг давтал дахин хэцүү даваа угтав. Охин нь аавыгаа өвчсөн мэт адилханыг яаж нуух билээ. Хүүхдээ аваад салхилахад театрынхан ирээд “Сайн уу, Нармандах аа” гэсэн мөртлөө хүүхэд рүү харна. Эхний хүүхэд нууц байх тусмаа аавыгаа дууриадаг гэж энэ. Полийн дээдийн оюутан залуугийнх гэж гүрийхэд ээж нь “Үгүй ээ, энэ том давхараатай нүд, уруул зурагтаар гардаг хүнтэй л адилхан байна” гэх. Ийм түүхтэйгээр охиныг нь өвөө эмээ хоёр нь өсгөжээ. Охиныгоо том болоход аавтай нь уулзуулдаг болжээ. Нэг удаа “Ээж ээ, манай аавын гэр энэ парк дотор байдаг юм шиг байна лээ. Аав тэгээд явчихаж байгаа юм уу” гэж асууж. Тэд хүний нүднээс далд Хүүхдийн паркт уулздаг байж. Тэр үед одоогийнх шиг гар утас байхгүй ч яаж ийгээд уулзана. Сууна гэж ярихгүй атлаа хоёр биенийгээ санана. Удаж удаж уулзаад сална гэдэг тэдэнд үнэхээр хэцүү. Тиймээс “За, чи минь очоод хоолоо хийж бай. Найз нь хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад очно за юу” гэж хэлээд охиноо хөтлөөд явна. Тэд яг л жүжиг тоглож байгаа юм шиг амьдарч байлаа.
Энэ хооронд Жамсранжав нь 2-3 удаа хурлаар орж олон ч юм болж өнгөрчээ. Гэхдээ амьдрал баян, түүний нарийн ширийнийг хүмүүс мэдэхгүй. Эхнэрээ нэг ч удаа муу хэлж байгаагүй, чамтай сууна гэж ганц амлаж байгаагүй Жаамаа 1990 оны зургадугаар сарын 22-нд чемодантай хувцсаа аваад Б.Нармандахын аавынд иржээ. Гэнэт “Чамтай сууна, амьдарна” гээд ирэхэд аймаар, зугтмаар ч юм шиг санагдаж учраа олохгүй хэсэгтээ сандарч. Гэр бүл болж олон жил амьдарсан, өнөр өтгөн сайхан амьдралыг босгосон хүнд тийм жаахан охин хань нь болж, ийм хэл аманд оруулаад амьдарч чадах уу гэдэг хэцүү байсан биз.
Ингээд тэд нэг гэрт орсныхоо дараахан хүүтэй болжээ. Хүүгээ төрөхөд “Би хүүгээ гурван нас хүргэхгүй байх даа” гэж нулимс унагаж суусан Жаамаа нь 17 жил хамт амьдраад тэнгэрт одсон. Гэхдээ хамгийн сонин нь Жаамаа нь нэг гэрт орсноос хойш 10 жилийн дараа л “Би чамд одоо л итгэж байна. Чи үнэхээр надад хайртай байсан юм байна” гэж хэлсэн гэдэг. Учир нь эргэн тойрны хүмүүс нь түүнд “Наадах чинь залуу хүн. 1-2 жилийн дараа чамайг хаяад алга болчихно. Тэр үед чамд уух хор ч олдохгүй” гэж хэлдэг байж.
Тэд танилцсанаасаа хойш найман жилийн дараа нэг гэрт орж, 17 жил хамт амьдарч хүү, охиноо хамт өсгөсөн. Хэдийгээр нийгэм, цаг үе нь үзэл суртлаар шүүж, махны машин шиг хяргаж байсан ч сайхан хайрын түүхийг хамтдаа бүтээсэн хоёр гэж мэдэх хүмүүс нь дурсдаг. Жаамаа залуудаа гурван удаа шарласан болохоор Б.Нармандахтай суухдаа “Би ганцхан жил амьдрах байх. Чи одоо яах вэ” гэж асууж байсан гэдэг. Түүний хувьд үлдсэн амьдралаа хайртай хүнтэйгээ амьдаръя гээд зориглоод ирсэн нь тэр байж. Тэгээд “Бүх хүүхдээ сургуульд оруулчихлаа. Том нь сургуулиа төгсөөд гэр бүл боллоо. Хамгийн багыгаа Дүрслэх урлагийн сургуульд оруулаад “За ээжийгээ харж яваарай. Аав нь үүргээ гүйцэтгэсэн шүү” гэж хэллээ. Ингээд би чам дээр ирсэн” хэмээн хэлж байсныг тэрээр дурссан нь бий.